Иргэдэд эрүүл, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-23 15:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн алба (ЗЦА), НОБГ болон Нийслэлийн түргэн тусламжийн төв (НТТТ) өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болжээ.

Тус байгууллагууд хамтран сар шинийн өдрүүдэд олон нийтийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргасан байна. Энэ талаар өнөөдөр НОБГ-ын  дарга хурандаа Д.Эрдэнэбаатар, түргэн тусламжын их эмч Л.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв. Иргэдийг золголтоор явахдаа цогтой үнс, нурмаа үл задгай асгахгүй байх, цахилгаан хэрэгслээ салгаж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхаарууллаа.

Сар шинийн баяраар хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн борлуулах тохиолдол их гардаг байна. Үүнээс үүдэлтэйгээр иргэд хоолны хордлогод орох нь нэмэгддэг тул худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацаанд анхаарахыг НТТТ-өөс сануулав.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, “Өнгөрсөн оны сар шинийн баярын өдрүүдэд ЗЦА 1089  дуудлага хүлээн авснаас 351  нь зам тээврийн осол байсан. Он гарснаас хойш 2379  хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны 12.5 хувь нь зам тээврийн ослын улмаас гэмтсэн. Иймд иргэдийг сар шинийн баяраар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг зөвлөж байна. Шинийн хоёрны өдрөөс хойш хөдөө орон нутгийг зорих иргэд ихэсдэг тул ЗЦА-наас Улсын чанартай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж, иргэдийн хамгаалах бүсний хэрэглээ, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих юм” гэлээ.

Ингээд дээрх гурван байгууллагаас гаргасан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх

-Шинийн нэгний өглөө нар харахаар  иргэд Хийморийн овоо, Сонгинлхайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Багахангай дүүргийг зорьдог. Энэ үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх

-Баярын өдрүүдэд иргэдэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг “Авто радио 96.3” богино долгионы радиогоор 15-20 миниутын зайтай хүргэнэ. Мөн www.traffic.police.gov.mn, олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүз дэх “Замын цагдаагийн алба” хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.

-Баярын өдрүүдээр цагдаагийн алба хаагчид ХСИС-ын сонсогчидтой хамтран иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ард иргэдийг замын хөдөлгөөнд анхааралтай оролцож, албан хаагчдын тависан хууль ёсны шаардлагагыг  биелүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Э.Энэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ