Алдарт жүжигчний хөшөөг төмрийн хулгайчид хэдэн хэсэг болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-10-20 15:39:53

Зөвлөлтийн кино урлагийн од, нэрт жүжигчин Евгений Леоновын хөшөөг төмрийн хулгайчид өнгөрсөн долоо хоногт хулгайлжээ.

Оросын нийслэл хотын Мосфильмовская гудамжны чимэг тэрхүү хүрэл хөшөөг Дунд-Азийн бүлэг этгээд шунахайн сэдлээр хулгайлж, хэдэн хэсэг болгож хөрөөдөөд, өнгөт металл хүлээн авах цэгт тушаасан тухай тус улсын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед бичсэн.

Цагдаагийнхан гудамжны камераас  энэ сарын 16-ны шөнө этгээдүүд хөшөөг машинд  ачиж байгаа болон үүнийхээ  дараа  хэргийн газраас зугтаж буй бичлэгийг авчээ.

Цагдаагийн ажилтнууд Москвагийн өнгөт металл хүлээн авах нэгэн цэгээс  Евгений Леоновын баримлыг олжээ. Баримлыг хэдэн хэсэг болгож  хөрөөдсөн байв. Сэжигтнүүд өмнө нь хулгайн хэргээр саатуулагдаж байсан аж. Бүлэг хулгайчид Узбекистаны 7 иргэн байсан тухай тус улсын хэвлэлүүдэд бичжээ. Сэжигтэн Сам Туйбочилев “Би юу болохыг ерөөс мэдээгүй, цагт 1000 рубль төлнө гэхээр нь л би явсан” гэжээ. Тэрээр өөрийн буруутай болохыг бүрэн хүлээжээ.

Хулгайчид  өнгөт металл хүлээн авах цэгт уг хөшөөг 40 мянган рублиэр тушаасан болох нь тогтоогджээ. Гэтэл хөшөө хулгайлсны нийт хохирол 160 мянган рубль юм.

Зөвлөлтийн Ардын жүжигчин  Евгений Леоновын хөшөөг Мосфильмовская /Оросын “Мосфильм” үйлдвэрийн  дэргэд/ гудамжинд 2001 онд суурилуулжээ. Тэрээр  дэлгэцнээ олон арван дүр амжилттай бүтээж, үзэгч олны зүрх сэтгэлд оршсоны дотор “Джентельмен удачи”,  ”Гайхамшигт залууст амжилт” / киноны Доцентын дүр үзэгчдийг байлдан дагуулсан дүр байдаг юм.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ