Ким Жөн Намын хэргийн талаарх баримт гээд байгаа бүх зүйл хуурамч гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-04 10:40:13

БЭЭЖИН. /Reuters/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбоотойгоор баривчлагдсан тус улсын иргэн болох Ри Жон Чол Малайзын Засгийн газрыг хатуу шүүмжиллээ.

Нотлох баримт хангалтгүй байгаа учир Малайзын цагдаа нар Ри Жон Чолыг суллаж, албадан нутаг буцаасан байна.

Тэрбээр өчигдөр орой Малайзаас явж, өнөө өглөө үүрээр Бээжин хотод очжээ. Умард Солонгосын албаны хүмүүс түүнийг дагалдан явж байгаа аж.

Бээжингийн нисэх онгоцны буудал дээр Ри сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “энэ хэрэгтэй холбоотой баримт гээд байгаа бүх зүйл хуурамч, зохиомол бөгөөд манай улсын нэр хүндийг унагаах гэсэн явуулга” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэрвээ гэм буруугаа хүлээвэл чи Малайзад байж болно гэж Малайзын цагдаа нар надад хэлсэн” гэжээ.

Умард Солонгосын төрийн өмчийн иргэний агаарын тээврийн нисэх онгоцоор тэрбээр өнөөдөр үдээс хойш Пхеньян руу нисэх ажээ.

Хоёрдугаар сарын 13-нд Малайзын нисэх онгоцны буудал дээр Макао руу явах нислэгээ хүлээгээд байж байх үед нь хоёр эмэгтэй Ким Жөн Намын нүүрэнд нь хортой бодис түрхэн хордуулан хөнөөсөн билээ. Үүний маргааш нь Ри Жон Чолыг энэ хэрэгт сэжигтнээр татан баривчилсан юм.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ