“Хэрлэн анд-2017" мөсний шагайн харвааны тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-09 15:00:04

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, МҮМШХ, аймгйин БТСГ, “Хан-Хэнтий” мөсөн шагайн холбоо хамтран “Хэрлэн анд-2017" мөсний шагайн харвааны анхдугаар тэмцээнийг Хэрлэн голын мөсөн дээр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Хасу мегават” ХХК-ийн захирал, Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Гавъяат тамирчин Ц.Дамдин, МҮШХ-ны дэд ерөнхийлөгч, МУ-ын мэргэн н.Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, орлогч дарга Г.Хэрлэнчулуун тэргүүтэй хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.

Тэмцээнд Улаанбаатар хот, Хэнтий, Архангай аймаг, Хэрлэн, Биндэр, Дадал, Галшар, Баянхутаг, Мөрөн сумдын 40 гаруй харваачид оролцож, цэц мэргэнээ сорилоо.

Талын харвааны төрөлд 1 дүгээр байранд Улсын мэргэн Ө.Сүхбаатар, харваач Г.Өнөболд, 2 дугаар байранд харваач Б.Батмөнх, Б.Өвгөнцагаан, 3 дугаар байранд Улсын хошой мэргэн Ш.Олзбаяр, харваач Ү.Болор-Эрдэнэ нар шалгарсан байна. Мөн Цуваа харвааны төрөлд 1 дүгээр байранд Улсын хошой мэргэн Ш.Олзбаяр, 2 дугаар байранд харваач А.Дорждэрэм, 3 дугаар байранд харваач Л.Мэндсайхан нар тус тус шалгарчээ.

Мөн энэ үеэр “Хан Хэнтий” мөсөн шагайн холбооны даргаар аймгийн мэргэн Н.Алтангэрэл, нарийн бичгийн даргаар аймгийн БТСГ-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах спортын сургалт дасгалжуулалтын албаны дарга Ч. Бат-Эрдэнэ нар шинээр сонгогдлоо.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ