Олон улсын харилцааны хүрээлэнд "Хятадын 24 төрийн түүх”,“Шинэ Юань улсын түүх”-ийн боть хандивлав

Монголын мэдээ | Боловсрол
dogsom@montsame.mn
2017-04-28 16:43:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас Олон улсын харилцааны хүрээлэнд  өнөөдөр “Хятадын 24 төрийн түүх” 58 боть, "Шинэ Юань улсын түүх” нэг ботийг  бэлэглэх ёслолын ажиллагаа болов. 

Ёслолын ажиллагаанд тус төвийн төлөөлөгч Хуан Куо Рун, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Ж.Баясах болон тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцов.
Олон улсын харилцааны хүрээлэн нь Монгол дахь олон улсын харилцаа судлалын тэргүүлэх байгууллага юм.Тус хүрээлэнд Монгол,  Хятадын харилцаа, хоёр эргийн харилцаа төдийгүй бусад олон талын судалгааны ажлын нэг болох Хятадын түүх соёлын харилцааны судалгааны эх сурвалж материаллаг бааз нэн шаардлагатай байдаг. Иймд судалгааны ажил болон судлаачдад чухал ач холбогдол бүхий эдгээр боть номуудыг тус төлөөлөгчийн газар Тайваниас худалдан авч тээвэрлэн ирүүлжээ.



Энэхүү бэлэглэж буй 59 боть номын нэг болох “Шинэ Юань улсын түүх” ном нь 24 улсын түүхийн нэг бөгөөд Мин улсын төрийн үед бичсэн “Юань улсын түүх” номыг засварлан гаргасан түүхийн эмхэтгэл юм. Энэ нь Хятадын түүх соёлын үнэн бодит мэдээллийг түгээх Монголын судлаач эрдэмтдийн судалгааны ажилд оновчтой мэдээлэл олж авахад нэн ач холбогдолтой.
Тус төв нь 2017 оны эхний гурван сарын байдлаар 560 гаруй ширхэг  хятад, англи хэлээрх хүүхдийн номыг Монголын хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд тус тус хандивлажээ. Мөн брайль хэвлэгч машиныг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд бэлэглэсэн нь Монгол, Тайванийн соёл боловсролын салбарын хамтын ажиллагаанд нэгэн шинэ алхам болов.
Б.Мөнхтуул
 
 
 
Холбоотой мэдээ