Хил хамгаалалтынхан зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-02 19:22:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Хилийн 0166 дугаар ангийн захирагч, Хурандаа П.Наранбат, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, Цэргийн штабын дарга Ц.Энхбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо нарын албаны төлөөлөл, ХХТХЗ-ийн гишүүд оролцов.

Тэд энэ удаагийн зөвлөлгөөнөөр хилийн 0166 дугаар ангиас 2016 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хил хамгаалалтийн үр дүн, 2017 онд хамтран ажиллах чиглэл, шинээр батлагдсан хилийн тухай хуулийн талаар танилцуулах, аймгийн Засаг даргын захирамж, ХХТХЗ-ийн 2017 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

2016 онд Баянхонгор аймгийн хилийн зурвас бүхий сумдын газар нутагт хилийн зөрчил гараагүй байна. Баянхонгор аймгаас Шивээхүрэнгийн хилийн боомтод найман гэрээт цэрэг байгаа юм. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх боломж байгаа, нөгөө талаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар хилийн 0203 дугаар ангийн салбарын байранд нам даралтын халаалт, тогоо суурилуулах, гадна пасадыг шинэчлэх, Хүрэн дэлийн хилийн харуулыг шинээр барих, хилийн 0203, 0112 дугаар салбар ангиудад хилийн манааны уналгын асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага байгаа аж. Мөн тэрээр Монгол Улс гэж байгаа юм бол хилийн тор татах хэрэгтэйг чухалчлав.

Одоогийн байдлаар Шивээ хүрэнгийн боомтоос хааш хаашаа 15 км-ийн зайд бетонон хөлтэй тор татжээ. Уг ажлууд нь Аймгийн Засаг даргын захирамж, ХХТХЗ-ийн 2017 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд бүрэн шийдэгдэхээр байна. Энэ хүрээнд түнш байгууллагуудын төлөөллийг хилийн ангиудын нөхцөл байдал, хилчдийн ажил амьдралдаа танилцуулахаар болжээ. Мөн хилийн ангиудыг дэмжиж, ажиллах юм байна. Хилийн бүс, зурвас нутаг дахь ард иргэд, малын тоо, ан амьтны судалгааг гаргаж, хилчин байлдагчийн тангараг өргөх ёслолд эцэг эхчүүдийг оролцуулах аж. Тангарагийн баяр зургаа, аравдугаар сард болдог байна.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ