Цагдаагийн газар хурандаа генерал Ж.Авхиагийн нэрэмжит болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-30 21:08:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас тус цагдаагийн газрыг хурандаа генерал Ж.Авхиагийн нэрэмжит болгох тухай гаргасан хүсэлтийг аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар хүлээн авч судалсны үндсэн дээр дэмжсэн байна.

Улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга, НАХЯ-ны сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайд зэрэг өндөр албан тушаалд ажиллаж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын харцага, хууль цаазын жинхэнэ зөвлөх, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа генерал Жарантайн Авхиагийн дурсгалыг нь мөнхжүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрыг нэрэмжит болгох” тухай түүхэн шийдвэрийг гаргажээ.


Цагдаагийн газрыг Ж.Авхиагийн нэрэмжит болгосонтой холбогдуулан түүний гавьяат үйлсийг залуу хойч үеийнхэнд таниулж, алдаршуулж ажиллахыг аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын дарга нарт даалгасан байна.

Энэ нь цагдаагийн байгууллагын түүхэнд анхны нэрэмжит байгууллага болж байгаагаараа онцлог юм байна.

                                                                                                                          Ш.Цоодол

Холбоотой мэдээ