Нэр дэвшигч Х. Баттулга өнөө орой Мандалговь хотын сонгогчидтой уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-09 23:13:47
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН- аас нэр дэвшигч Х. Баттулга өнөөдөр орой Дундговь аймгийн сонгогчидтой уулзлаа. Тэрээр уулзалтын өмнө Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 19 дэхь Ерөнхий сайд Ж. Наранцацралт агсны хөшөө дурсгалд хүндэтгэл илэрхийлсэн юм.
Аймгийн театрт болсон нэр дэвшигчийн уулзалтыг аймгийн АН- ын хорооны дарга Ц. Мөнхбат нээж үг хэлсэн бөгөөд үүний дараа АН- ын дарга С. Эрдэнэ сонгогчдод хандан үг хэлсэн юм. Тэрээр, “АН- ын гишүүд олонхиороо ардчилсан, эх оронч ерөнхийлөгч байж чадна гэж итгэж Х. Баттулгыг сонгуульд нэр дэвшүүлсэн. Бидний өмнө түүхэн хариуцлага бүхий сорилт, сонголт ирээд байна. Аль нэг улс төрийн нам, хэн нэг нэр дэвшигчийг сонгох эсэх тухай бус, Монгол тусгаар улсын жолоодогч хэн байх вэ гэдгийг сонгоно. Ийм хариуцлагатай сонгуульд зөв, мэргэн сонголт хийгээрэй” хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Нэр дэвшигч Х. Баттулгын ажил, амьдралын намтарыг танилцуулсаны дараа тэрээр сонгогчдод хандан үг хэлсэн юм. Үгийнхээ эхэнд тэрээр, “Би энэ сонгуульд “Монгол ялна” хэмээх уриатай оролцож байгаа. Хэнтэй байлдаж, хэнийг ялах гээд байгаа юм гэж гуйвуулах явдал гарч  байна. Энэ бол хэн нэгэнтэй дайтаад ялах тухай утга огтхон биш ээ. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох тухай ойлголт юм” хэмээн тодотголоо.
 “ Өнөөдөр эх орны минь эдийн засаг 96 хувь нь урд хөршөөс хамааралтай болчихоод байна. Монгол Улс нэг хүн ногдох газар нутаг, мал сүрэг, байгалийн баялагаараа дэлхийд тэргүүлдэг баян орон. Гэтэл энэ баян орны ард иргэд өнөөдөр яаж амьдарч байгааг хэлүүлэлтгүй бид бүгд харж байна. Өр зээлгүй хүн алга. Монголын баялаг түүхийгээрээ урд хөрш рүү урсч байна.Мал аж ахуйгаасаа бид 10 сая гаруй арьс ширийг зах зээлд гаргадаг ч үүний 8 сая нь урд хөрш рүү бас л гарчихаж байна. Ингээд л байгаад байх уу. Газрын доорхи баялаг ард түмнийх гээд үндсэн хуульд хуульчилсан мөртлөө ухаад гаргаад ирэхээр цөөхөн хэдэн лиценз эзэмшигчийнх болоод хувирчихдаг. Эл байдал үргэлжлээд байх ёстой юу. Учир иймийн тулд л би АН- ынхаа нөхдийн дэмжлэгээр Ерөнхийлөгчийн сонгуульд зориглон нэр дэвшсэн юм” гэлээ.

Тэрээр “Хүчирхэг Монголын төлөө” хэмээх мөрийн хөтөлбөрөө сонгогчиддоо танилцуулж байна. Эв нэгдлийг эрхэмлэж, Үндэсний эрх ашгаа дээдэлсэн, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрээ хөгжүүлсэн, экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан, экспортын шинэ эринийг эхлүүлж, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэсэн Эх оронч Ерөнхийлөгч байна хэмээн мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн 5 бүлгийг тодорхойлж үүндээ  115 заалтыг тусгажээ.  
Нэр дэвшигч Х. Баттулгын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, тэр дундаа эдийн засгийг сэргээж, дотоодын үйлдвэрүүдээ хөгжүүлэх зорилтыг сонгогчид талархан дэмжиж буйгаа илэрхийлж, түүнд амжилт хүссэн юм.
Өнөөдөр төрийн мэргэшсэн алба байхгүй боллоо, хүний эрх илтэд ихээр зөрчигдсөөр байна, эдийн засгийн хямрал дэндүү удаан үргэлжилж байна, мэдээллийн ил тод байдал хангагдахаа болилоо, нийгмийн бүх салбарт доголдол үүслээ хэмээн иргэд санал бодлоо илэрхийлж байсан. Энэ бүхнийг засч тэгшитгэхийн төлөө итгэл хүлээлгэж дэмжихээ уулзалтад ирсэн сонгогчид илэрхийлж байв.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ