Түүх, соёлын дурсгал мөхлийн ирмэгт байгааг сануулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:58:11

Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэхь түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаас устах аюул нүүрлээд байгаа хэд хэдэн дурсгал байгаагийн нэлээд анхаарал татах нь Эрдэнэдалай сумын нутагт оршдог Үнстийн хийд юм.

Энэ хийдийг маш яаралттай хамгаалж, тордож авах хэрэгтэй байгааг аймгийн музей Засаг даргын зөвлөлд танилцуулжээ. Гэхдээ тодорхой шийдвэр одоогоор гараагүй байна.

1994 онд Засгийн газрын тогтоолоор Үнстийн хийдийн цогчин дуганыг улсын хамгаалалтад авч, 2008 онд хамгаалалтыг дахин баталгаажуулсан байдаг ч бодит байдал дээр энэ дуган хамгаалагдаж чадаагүй, сүйтгэгдэж, одоо устах аюулд ороод байгаа юм.

Соёлын өвийн тухай хуульд, Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын дурсгалыг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улс, орон нутгийн төсөвт суулгана. Аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нь нутаг дэвсгэртээ соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай төсөв хөрөнгийг баталж, хяналт тавих,орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийн үндсэн дээр соёлын өвийг хамгаалах ажлыг зохион байгуулах тухай тодорхой заасан байдаг ажээ.

 Тиймээс энэ үүргээ биелүүлж, устах аюул нүүрлээд байгаа Үнстийн хийдийг сэргээн засч, авран хамгаалахад аймаг, сумын удирдлага анхаарах цаг болсон гэдгийг музейн хамт олон учирлаж байна. Энэ талаар Соёлын өвийн төвд ч мэдэгджээ.

Үнстийн хийдийн шавыг урьд нь орон сууц байж байгаад “шар хуухай” гэгчийн үймээнээр устсан барилгын хуучин суурин дээр 1908 оны Шар луу жил  тавьж, 1918 онд гол цогчин дуганыг барьсан түүхтэй. Энэ хийд нь Монголын хамгийн сүүлийн үеийн шүтээний барилгын тоонд хамаарах бөгөөд олон зуун жилээр үргэлжлэн сүм хийд барьж байгуулж байсан бүхэл бүтэн үеийн төгсгөл болсон гэж үздэг байна. Монголын үндэсний сүмийн барилгын төрх төлөвийг хадгалж үлдсэнээрээ үнэ цэнэтэйгээс гадна монголын суурин орон сууцны төлөвлөлтийг хадгалж чадсанаараа хөдөө орон нутаг дахь бусад хийдүүдээс онцлог хэмээн эрдэмтэн судлаачид цохон тэмдэглэжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ