МАН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-11 11:42:34

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын гишүүдэд нэг цагийн завсарлага өгөв.

Энэ үеэр төсвийн ерөнхийлөн захирагч нарын сургалт семинарын зардлыг 50 хувиар бууруулах саналыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Багш эмч нар зайлшгүй мэргэжил дээшлүүлэх шаардлагатай байдаг. Иймээс тэдгээр ажил мэргэжлийн мэргэжил дээшлүүлэх зардлыг бууруулахгүй байх хэрэгтэй" гэсэн саналтай байгаагаа хэлсэн. Мөн зарим яамд, төрийн байгууллагын олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах, ном хэвлэл захиалах, дотоодод тэмцээн уралдаан зохиох зардлыг 50-100 хувиар бууруулах саналыг хэлэлцэх үеэр гишүүдийн олонх дэмжсэн санал өглөө.

Дотоодод зохиогдох тэмцээн уралдааны зардлыг танах тухайд Сангийн сайд Б.Болор, “Олимпийн жил гэдэг утгаараа гадаадад болох тэмцээн уралдаанд маш их зардал тавьсан. Олимпийн жилд ер нь дотоодод харьцангуй цөөн уралдаан тэмцээн болдог юм билээ. Тиймээс гадаадад болох тэмцээн уралдаанд тавьсан мөнгийг таналгүй оруулсан” гэлээ.

Түүнчлэн шүүгчдийн цалинг одоогийн байгаагийн түвшинд барихаар болж,  7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр бол, шүүгчдийн цалинг бууруулж тооцож оруулж ирсэн байсан. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд цалин бууруулах шаардлагагүй гэж үзсэн тул цалингийн хэмжээг хуучин хэвэнд нь барихаар болж 7 тэрбум төгрөгийг эргүүлэн суулгаж байгаа гэсэн үг юм.

Мөн Засгийн газрын бүтцийг цомхотгож 9 яамтай байхаар анх хуулийн төсөлд орж ирсэн ч Засгийн газар энэхүү хэсгийг буцаан татаж аваад буй. Иймээс ирэх онд Засгийн газар одоогийн бүтэц, зохион байгуулалтаараа ажиллахаар болж байна.

Үүний зэрэгцээ "Монгол цэрэг" хөтөлбөрт 24 тэрбум төгрөг нэмж суулгахыг МАН-ын бүлгийнхэн эсэргүүцэж байв. УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг, "Бүтээн байгуулатын ажилд залуусыг оролцуулах хууль эрх зүйн орчин өнөөдөр нээлттэй болсон. Ингэснээр залуус ажил хөдөлмөрт суралцах, цалин хөлс авдаг болох, улс орны бүтээн байгуулалтад оролцох боломж бүрдэх юм. Ялангуяа, төмөр замын ажилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэх тул энэхүү мөнгийг суулгасан" гэсэн тайлбар өгч байв. Уг санхүүжилтыг ирэх оны төсөвт суулгах эсэх талаар санал хураалт явуулахад 54,7 хувийн саналаар гишүүд дэмжлээ.

Хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авах санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, "Бид хуулиа биелүүлэх ёстой. Хуулиар бол төсвөө 11 дүгээр сарын 15-ны дотор батлах үүрэгтэй. Төсвөө батлахгүй юм бол ард түмэн яаж амьдрах юм. Завсарлага өгөх шаардлагагүй. Хуралдаанаа үргэлжлүүлж, хэлэлцүүлгээ эрчимжүүлэх хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын дарга З.Энхболд, "Төсвөө 11 дүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. МАН завсарлага авбал бид хуулиа зөрчинө. Тиймээс МАН-ын бүлэгт завсарлага өгөх үү үгүй юу гэдэг дээр санал хураах горимын санал гаргаж байна" гэв. Энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас санал авах боломжгүй болж МАН-д нэг цагийн завсарлага өглөө.

Б.Туул

Холбоотой мэдээ