Шилдэг 850 сурагч иргэний андгай өргөнө

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2015-11-11 14:00:38

 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа энэ сарын 14-нд Төрийн ордонд болно.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээ нь 2004 оноос эхлэн зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ жил Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 13 дахь жилдээ болж байна.

Монгол  Улсын иргэн болж, иргэний  үнэмлэхээ  гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид  хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шудрага иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлах юм.

Андгай өргөх ёслолд нийслэлийн шилдэг 850 сурагч оролцох бөгөөд орон нутгийн салбар зөвлөлүүд уг арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулна. 

Б.Туул

 

Холбоотой мэдээ