Урьдчилсан дүнгээр Владимир Путин 75 хувийн саналаар ялалт байгуулж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ariunbold@montsame.gov.mn
2018-03-19 08:32:34
Москва /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий комисс нийт саналын протоколын 90 гаруй хувийг тоолсон бөгөөд урьдчилсан дүн гарч эхэлсэн энэ мөчид нэр дэвшигчид сэтгэгдлээ хэлж байна.
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 75 хувийн саналаар ялалт байгуулж буй юм. Тэрбээр Москвагийн цагаар 18-ны шөнө тус хотын Манежийн талбайд болсон Крым ОХУ-д нэгдсэний дөрвөн жилийн ойн баярын концертод оролцох үеэрээ нийт сонгогчдод хандан үг хэлсэн юм.
 
“Сонгуулийн үр дүнд та бүхэнд талархаж байна. Та, би, бид хамтдаа нэг том баг. Өнөөдөр саналаа өгсөн бүх хүн нэг том үндэсний баг билээ. Энэ сонгуулиас би илүү үр дүнтэй, хариуцлагатай, ачаалалтай ажиллаарай гэсэн ард түмнийхээ итгэл, найдварыг олж харлаа. Биднийг амжилт хүлээж буй нь тодорхой” хэмээн онцолсон юм.
 
Харин урьдчилсан байдлаар 12 хувийн санал авч, хоёрдугаарт бичигдсэн Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин “Бид үүнээс их санал авсан гэдгээ мэднэ. Сонгуулийн ерөнхий комисс ч үүнийг мэдэж байгаа. Бидэнд санал тоолох өөр арга бий. Ямартай ч сонгуулийн дүнг эцсийн байдлаар зарлахыг хүлээе. Түүний дараа шийдвэрээ гаргана” хэмээгээд сонгууль будлиантай болсон хэмээн үзэж буйгаа тэмдэглэв.
 
Оросын Бүх ардын холбоо намаас нэр дэвшигч Сергей Бабурин “Владимир Путиныг илт, давуу ялалт байгуулж буйд гайхах зүйл алга. Түүний багт Их Британий Ерөнхий Сайд Тереза Мей хүртэл ажиллаж, Владимир Путинд эргэлзсэн хүмүүсийн эргэлзээг тайллаа шүү дээ” хэмээв.
 
Харин Иргэний санаачилга намаас нэр дэвшигч Ксения Собчак Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь түүнд чухал байсныг онцлоод сонгуулийн дүнд ач холбогдол өгөхгүй болохоо тэмдэглэлээ.
 
Л.Нандиа
Холбоотой мэдээ