Сурагчдад зориулсан жолооны дадлагын талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:55:56

Орхон аймаг сурагчдад зориулсан жолооны дадлагын талбайтай боллоо.  Үүнийг “Орхон” цогцолбор сургуулийн гадна талбайд барьсан бөгөөд нээлтийг энэ сарын 12-нд хийнэ.

Жолооны дадлагын талбай нь сурагчдад замын хөдөлгөөний дүрмийг танилцуулах, дадлага хийлгэх зорилготой юм. Үүнд орон нутгийн төсвөөс 63 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. Тохижилтын ажлыг “Төв Макс” ХХК хийжээ. “Мини дром” нь 36:22 харьцаатай талбайг эзэлж байгаа юм. Үүнд дөрвөн замын уулзвар, автобусын буудал, замын тэмдэг, тэмдэглэлээ гээд автозамын хөдөлгөөнд шаардагдах бүхий л зүйлсийг байршуулжээ.

Ингэж сургуулийн орчинд жолооны дадлагын талбай тохижуулах болсон гол шалтгаан нь өнгөрсөн онд Орхон аймагт зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд бэртэж нэг хүүхэд амь насаа алдсантай холбоотой юм. Иймд 2014 онд зарим сургуулийн хичээлийн хуваарьт замын хөдөлгөөний дүрмийн хичээл оруулжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд