Залуус цэргийн албанд мордлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-06 13:59:40
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуусыг энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын баатар М.Жанчивын талбайгаас албандаа мордлоо.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Цэргийн штаб болон аймаг, сум, багийн удирдлагууд, иргэд оролцов. Тус аймгийн хэмжээнд 18 сумын 87 багийн 18-25 насны залуус зарлан дуудах хуудас авч тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг, бүртгэлийн үйл ажиллагаанд хамрагдсан юм. Цэргийн албанд тэнцсэн залуусын 70 гаруй хувь нь хилийн цэргийн Ховд аймгийн Үенчийн отряд болон Говь-Алтай аймгийн Алтайн отрядад хуваарилагдсан байна. Харин бусад нь Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатар хот дахь Зэвсэгт хүчний ангиудад албаа хаах ажээ. Тэд цэргийн албанд мордохдоо энх цагийн цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Төрийн албаны тухай хуулинд орсон өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албанд ажиллах эрчүүд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шаардлага тавигдсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд алба хаах эрчүүдийн тоо нэмэгдэж байна. Мөн цэргийн үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар, сэтгэлгээ илүү төлөвшсөн, алба хаах хүсэл сонирхолтой залуусын хандлага нэмэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Ийнхүү 2018 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж буй залуус, ар гэр ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордлоо.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ