"Солонго" хорооллын гадна инженерийн шугам сүлжээг барих хөрөнгө шийдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-10 15:01:36
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэд өнөөдрийн ажлаа төр, нийгмийн нэр зүтгэлтэн П.Жасрай агсаны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр эхлүүлж, үүний дараа орон нутгийн томоохон бүтээн байгуулалтуудтай танилцсан юм.
Тухайлбал өнгөрсөн онд ашиглалтад орсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны үйл ажиллагаатай танилцан, тус ордны дугуйлангийн сурагчид, спорт, урлагийн авьяаслаг хүүхэд багачуудтай уулзлаа.
Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга  С.Болормаа: “Манай ордон өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орсон ч одоогоор тоног төхөөрөмж дутагдалтай байна. Тиймээс нийгмийн бүхий насныхны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чиглэсэн олон талын ач холбогдол бүхий ажил үйлчилгээ явуулахад бидэнд тулгамдаж буй тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна” хэмээн санал хүсэлтээ илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү асуудлыг газар дээр нь шийдвэрлэж 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн юм.  
Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 26 ажилтан, алба хаагчидтайгаар гэр бүл, залуус, хүүхдэд чиглэсэн олон талын ажлуудыг зохион байгуулдаг гэнэ. Тухайлбал хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн  шатар, драм, дүрслэх урлаг, бүжгийн морин хуурын дугуйланд 180 хүүхдийг хамруулж байгаа ажээ. Мөн залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дэргэдээ “Залуус хөгжлийн төв”-ийг нээн фитнесс, спиннинг, интернэт танхим, номын санг ажиллуулж байна.                 
                                                                 
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа 2014 онд шав нь тавигдсан 1000 айлын орон сууц буюу “Солонго” хорооллын орон сууцны төлөвлөлттэй танилцлаа. Тус хороололд энэ онд 960 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орох бөгөөд 2019 онд 320 хүүхдийн шинэ цэцэрлэг баригдах юм. Ерөнхий сайд “Солонго хороолол”-ын 1788 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг барихад шаардагдах 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Ерөнхий сайд шийдвэрлэв. 
Ийнхүү Ерөнхий сайдын Говь-Алтай аймагт ажиллах төлөвлөсөн ажлууд нь өндөрлөлөө.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ