Монголын Самбочид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-15 16:48:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нийслэл хотноо “Буянт Ухаа” спортын ордонд болж Монголын самбочид багаараа тэргүүллээ. 

Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 ангилалд болон байлдааны самбо гэсэн төрлөөр 220 гаруй тамирчин ур чадвараа сорьсноос Монголын баг тамирчид 3 насны дүнгээр 40 гаруй медаль хүртжээ. Тухайлбал, насанд хүрэгчдийн ангилалд алт 9, мөнгө 8, хүрэл 12-ыг хүртэж багаараа хол тасархай тэргүүлэв. Энэ нь тивийн аваргын өмнөх тэмцээнүүдэд гаргаж буй амжилт байсан төдийгүй Монгол бөхийн орон гэдгээ баталлаа.
 
Энэхүү 25 дахь удаагаа болсон тэмцээний онцлог нь Монгол Улсад самбо бөхийн төрөл үүсч хөгжсөний 50 жилийн ой тохиож байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон явдал байв. Мөн хүндэт зочин олонтой тэмцээн байв. Тухайлбал, ОУСБХ-ны Тамгын газрын дарга А.Корсик, дэд ерөнхийлөгч В.Коршенин, Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч А.Муллаев болон дэлхийн 4 удаагийн аварга Оросын алдарт тамирчин В.Минаков нар хүрэлцэн ирсэн билээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдыг самбогийн төрлөөр олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үүнээс болж манайх төдийгүй Азийн орнуудаас олон шилдэг тамирчин тэмцээнд оролцож чадсангүй.

Харин Монголын самбочид Азийн АШТ-ий хөтөлбөрт анх удаа багтсан холимог багийн төрөлд түрүүлсэн нь анхдагч боллоо. Монголын багийн дараа Казахстан, Узбекистаны баг, тамирчид хоёр, гуравдугаар байр эзэлжээ.
Д.Өлзий
Холбоотой мэдээ