Х.Баттулга 11 аймаг, 7 дүүрэгт ялалт байгуулсан гэв

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2017-07-07 23:58:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын дарга С.Эрдэнэ 00:15 цагийн үед сэтгүүлчдэд хандаж, "Одоогийн байдлаар нэр дэвшигч Х.Баттулга нь 11 аймаг, 7 дүүрэгт ялалт байгуулсан дүн мэдээтэй байна" хэмээн мэдээллээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Улсын хэмжээнд сонгуулийн ирц 60.41 хувьд хүрлээ. Ийм хэмжээний ирц бүрдэнэ гэдэг бол боломжийн ирц юм. Одоогоор хамгийн олон саналыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулга аваад байна. Х.Баттулга нь 595 мянган саналыг, өрсөлдөгч МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 480 гаруй мянган саналыг авсан бол 96 мянган цагаан санал байна. Эдгээр гурван саналыг нэгтгэхэд нэр дэвшигч Х.Баттулга 50.7 хувийн санал аваад байна. Энэ бол урьдчилсан дүн. 224 санал авах байрны дүн хараахан ирээгүй байна. Гэхдээ 100 хувь саналын мэдээ нь гарсан аймгуудын мэдээг СЕХ мэдээлэхгүй барьж байна.

Сонгуулийн дүн маш хүнд нөхцөлд гарч байгаа. Учир нь монголын цагдаа хүчний байгууллага АН-ын эсрэг ажилласан. Бид ялна гэсэн итгэлтэй байсан. Үүний дээр Монголын ард түмэн итгэлээ өгч, шударга үнэн яллаа" гэлээ.

Нэр дэвшигч Х.Баттулгыг дүүргүүдээс:
1. Хан-Уул
2. Баянзүрх
3.Сүхбаатар
4. Багануур
5. Сонгинохайрхан
6. Чингэлтэй
7. Баянгол 

Аймгуудаас:
1. Архангай
2. Сүхбаатар
3. Дархан-Уул
4. Орхон
5. Баянхонгор
6. Булган
7. Хөвсгөл
8. Хэнтий
9. Дорнод
10. Өмнөговь 
11. Завханд ялалт байгуулсан хэмээв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 

 
Холбоотой мэдээ