ОХУ Украины хот руу байгалийн хий нийлүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-06 08:41:25

МОСКВА. /NHK/. Украины өмнөд нутгийн Геническ хотын захирагчийн хүсэлтээр тус хот руу Крымээс байгалийн хий нийлүүлж эхэлсэн гэж ОХУ мэдэгдсэн байна.

Геническийг дулаанаар хангахад ашиглах байгалийн хийг тус хот руу нийлүүлэх үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өгсөн гэж түүний хэвлэлийн алба мэдээлэв.

Геническ хотыг чиглэсэн хоолойгоор хий дамжуулж эхэлсэн гэж Крымын эрх баригчид мэдэгджээ. Гэвч ОХУ байгалийн хий нийлүүлээгүй бөгөөд энэ мэдэгдэл суртал ухуулга гэж Украины төрийн өмчит байгалийн хийн хангамжийн байгууллага мэдэгджээ.

Мөн Геническ хотын захирагч ОХУ-аас тусламж хүсээгүй гэж Украины хэвлэлд мэдээлсэн байна.

ОХУ болон Крым хоорондын стратегийн бүсэд Геническ хот оршдог ажээ.

Д.Нямтулга

 

Связанные новости