Умард Солонгос баллистик пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-06 11:17:16

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харвах ээлжит туршилтыг өнгөрсөн оны 12 дугаар сард хийсэн тухай Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.

“Умард Солонгос өнгөрсөн сард шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилт явуулсан бололтой” гэж эх сурвалжийн хэлснийг тус агентлаг уламжилсан байна. Түүний хэлснээр, “дүн шинжилгээний үнэлгээгээр туршилт амжилтгүй болжээ”.

Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтаа үргэлжлүүлнэ гэж эх сурвалж Ёнхап агентлагт мэдээлсэн байна.

Баллистик пуужинг 12 дугаар сарын 21-нд Япон тэнгис дэх Умард Солонгосын Синпо боомтоос шумбагч онгоцноос харвасан гэж Америкийн “Washington Free Beacon” сонинд нэгдүгээр сарын 5-нд мэдээлжээ. Тус сонинд цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан туршилт амжилтгүй болсныг нотолсон байна.

Дээрх туршилтыг бас нэг амжилтгүй болсон туршилтын дараа явуулжээ. Умард Солонгос 11 дүгээр сарын 28-нд "Корэ" /“Халим”/ шумбагч онгоцноос баллистик пуужин харвахыг оролдсон боловч амжилтгүй болжээ.

Цөмийн цэнэгт хошуу суурилуулсан ийм зэвсгийг зэвсэглэлдээ хүлээн авахад Умард Солонгост ердөө нэг жил шаардлагатай гэж “Washington Free Beacon” сонины эх сурвалж үзэж байгаа бол бусад шинжээч үүнд эргэлзэж байна.

Д.Жаргал

 

Связанные новости