Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-12 09:06:57

Өнөөдөр Төрийн ордонд дөрвөн байнгын хороо хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм. Өөрөөр хэлбэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Уг тогтоолоор хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох асуудлыг шийдвэрлэхээр тусгаад буй. Мөн хуралдаанаар бусад 4-5 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх, байнгын хорооны 2016 оны төлөвлөгөөг батлах, Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тус тус үдээс хойш 14.00 цагаас хуралдана.

Связанные новости