Антарктид тивд Монголын бааз байгуулах газрыг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-01-12 15:22:57

Монгол Улсын Усны ассоциаци, Антарктид судлалын нийгэмлэгээс хамтран өнөөдөр Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийлээ.

Усны ассоциацийн тэргүүн, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, техникийн ухааны доктор Д.Батмөнх судлаач эрдэмтэн гэсэн статустай олон улсын судалгааны багт ажиллажээ. Тэрээр Антарктид тивийн Ливингстоны арал дахь Болгар болон Испанийн олон улсын судалгааны баазад өнгөрсөн сарын 16-27-ны өдөр ажиллаад энэ сарын 9-нд эх орондоо иржээ.

Доктор Д.Батмөнх Антарктид тивийн Ливингстоны аралд байрлах Монгол Улсын бааз байгуулах газрын судалгааг нарийвчлан хийж Болгарын судлаач эрдэмтдийн хамт орчин үеийн багаж тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан тогтоов. Тухайлбал, судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын бааз байгуулах газрын хил заагийг тогтоож байгаа бөгөөд газрын өндөр нам, байрлалын зураг, эргэн тойрны болон бүх талын видео зураглал хийжээ.

Энэхүү ажлын үр дүн нь Антарктид тивийн Ливингстоны аралд байрлах Монгол Улсын бааз байгуулах ажлын үндсэн баримт бичиг болох юм. Цаашид энэхүү баримт, материалыг Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор танилцуулна. 

Дашрамд дурдахад, Антарктид судлалд Монголын үе үеийн судлаачид оролцсон юм. 1972 онд Ж.Цэрэндэлэг, 1982 онд Д.Чулуунбат, 2007 онд А.Батболд, 2008-2012 онд Л.Дүгэржав, 2013 онд Д.Ганбаатар, 2014 онд Х.Пүрэвбаатар нар олон улсын судалгааны багийн бүрэлдэхүүнд оролцож өмнөд мөсөн тивд Монгол Улсынхаа тугийг мандуулж байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости