Туркт 59 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-13 10:37:17

МОСКВА. /RIA Novosti/. Туркийн Истанбул хотод мягмар гарагт болсон халдлагын дараа тус улсын цагдаа нар улсынхаа өмнөд болон зүүн өмнөд нутагт ажиллагаа явуулж, террорист “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй 59 хүнийг баривчилсан байна. Энэ тухай “Sabah” сонинд хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилжээ.

Мягмар гарагийн өглөө Истанбул хотын төвд Султанахмет талбай орчимд трамвайн буудлын зэргэлдээ хүчтэй дэлбэрэлт болсон байна. Халдлагыг уг буудалд жуулчдын баг байх үед үед үйлджээ. Туркийн эрх баригчдын мэдээлснээр, 10 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүс бүгд гадаадын иргэд бөгөөд найм нь Германы иргэд, нэг нь Перу улсын иргэн аж. Дэлбэрэлтийг Сирийн амиа золиослогч террорист үйлдсэн гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдагон мэдэгджээ. Халдлага үйлдсэн террорист нь “Лалын улс”-ын гишүүн байсан гэж тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу хэлсэн байна.

Туркийн цагдаа нар нэгэн зэрэг 22 газар тусгай ажиллагаа явуулсан байна. Цагдаа нарын мэдээлснээр, сэжигтэн этгээдүүдийн зарим нь Сирид “Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр төлөвлөж байсан бол зарим нь тус бүлэглэлийн даалгавраар Туркт халдлага үйлдэх гэж байжээ.

“Лалын улс”-ын гишүүд байж болзошгүй 16 хүнийг Анкарад баривчилсан тухай урьд нь Туркийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэд тус улсын нийслэл хотод халдлага үйлдэх гэж байжээ. 

Д.Жаргал

Связанные новости