“Сайхан бичигтэн” улсын уралдаанд Замын-Үүдийн сурагчид амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 12:33:59

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн М.Мягмарсүрэн багштай 8 б ангийн сурагчид Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос 19 дахь удаагаа зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны “Сайхан бичигтэн анги” төрөлд гуравдугаар байрт шалгарлаа.

Сурагчид билгүүн номч, их бичгийн эрдэмтэн Бямбын Ренчингийн зохиол “Монгол хэл” хэмээх гайхамшигт шүлгийг хуучин монгол бичгээр хичээнгүйлэн буулгасан бөгөөд тэдний бүтээлийг монгол хэл уран зохиолын  багш М.Мягмарсүрэн шүүн тунгааж, онол практик талаас  нь зааж зөвлөж оролцуулсан байна. Тус сургуульд монгол бичгийн хичээлийг долоо хоногт хоёр цаг заадаг бөгөөд хоёр дахь жилдээ хичээллэж байгаа хүүхдүүд ийм өндөр амжилт гаргасанд багш  нар нь ихээхэн баяртай байгаа аж. М.Мягмарсүрэн багшийн шавь нараас өнгөрсөн жил Дорноговь аймгийн төмөр замын сургуулиудын дунд зохион байгуулсан монгол бичгийн “Залгамж бүсийн олимпиад”-ад гурван сурагч алт, мөнгө, хүрэл медаль, хоёр сурагч дөрөв, тавдугаар байрт шалгарч байжээ. Хоёрдугаар сургууль “Хүмүүн бичиг” сониныг Дорноговь аймагтаа хамгийн их буюу 60-70 ширхэгийг захиалан уншдаг бөгөөд өнгөрсөн жил тус сонины уншигч, редакцын уулзалтыг сургуульдаа зохион байгуулж байсан идэвхтэй сургууль юм.   

Х.Эрдэнэбулган   

Связанные новости