ДУНДГОВЬ: "Мал аж ахуйн салбар дах эмэгтэйчүүд" чуулганд 400 малчин эмэгтэй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-23 17:11:05
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Илүү сайхан амьдрал, илүү сайн шим тэжээл, илүү сайхан хүрээлэн буй орчин, илүү сайн мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөө малчин эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг хэлэлцэх зорилго бүхий  “Мал аж ахуйн салбар дах эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг 10 дугаар сарын 22-нд Мандалговь хотноо зохион байгуулав.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ, Дундговь аймгийн ЗДТГ, ХХААГ, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тус аймаг дахь салбараас хамтран зохион байгуулсан тус чуулганд Дундговь аймгийн 15 сумын 400 гаруй малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.


Чуулганы нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар оролцож, чуулга, уулзалтад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүссэн.



Энэ үеэр “Илүү сайхан амьдралын төлөө эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн ухааны салбарын багш, доктор, профессор Н.Галиймаа илтгэл тавьж, өнөөдрийн монгол эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, манлайлагч эмэгтэйчүүдийн шинж чанар, эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр тодорхой ойлголт өгчээ. Тэрбээр илтгэлдээ эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс бага байдаг, Монгол Улсын хэмжээнд байгаа 119000 малчин эмэгтэйн ихэнх нь нийгмийн даатгалд хамрагддагүй, мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 30 хүрэхгүй хувьтай байна хэмээн онцолжээ.


Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа чуулганы төлөөлөгчдөд “Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн хүрээнд жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь”, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн “Байгаль, цаг уурыг шинжих уламжлалт арга, ухаан, Хүннү фэйшн ХХК-ний менежер Б.Түмэн-Өлзий “Байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хариуцлагатай мал аж ахуйн боломж”, НҮБ-ын ХХААБ-ын техникийн зөвлөх, доктор С.Жигжидпүрэв “Малын тавлаг байдал-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадал” сэдвээр тус тус илтгэл тавьж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөхийн тулд малчдын хариуцлага, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй ойлголт өгчээ.


Чуулганы үеэр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан малчин эмэгтэйчүүдийг Хөдөө аж ахуйн салбарын тэргүүн, ХААЯ-ны Жуух бичиг болон Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбооны шагналаар шагнасан юм. 


May be an image of 7 people, lighting, dais and text












May be an image of 10 people, dais and text


Связанные новости