Хятадын экспортын ашгийн хэмжээ дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-09-23 15:14:26

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /unn/. АНУ-ын тарифын хатуу бодлогын дарамттай тулгарсан хэдий ч Хятадын экспортын салбар 1.2 их наяд ам.долларын ашигтай гарч, түүхэн дээд түвшинд хүрсэн нь бусад улсын эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй тул дэлхий даяар түгшүүр төрүүлж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ. 


Сүүлийн таван сарын хугацаанд Хятадын экспорт маш тогтвортой байв. Энэтхэг рүү хийсэн нийлүүлэлт түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрч, Африк руу чиглэсэн экспортын үзүүлэлт рекорд тогтоосон бол Зүүн Өмнөд Ази руу хийсэн экспорт цар тахлын үеийн оргил түвшнээс давсан байна.


Энэ нь олон улс орны хувьд үйлдвэрлэгчдээ хамгаалах, Хятадтай ил тод сөргөлдөхөөс зайлсхийх хоёрын дундахь тэнцвэрийг олох эгзэгтэй байдалд оруулж байна. Хятад бол дэлхийн хоёр дахь том экспортлогч төдийгүй дэлхийн улс орнуудын талаас илүүгийнх нь гол түнш юм.


Хэдийгээр Хятадаас импортолж буй бараанд 50 хүртэлх хувийн татвар тогтоосноо ил тод зарласан улс одоогоор зөвхөн Мексик байгаа боловч бусад улс оронд засгийн газруудад үзүүлж буй шахалт нэмэгдсээр байна. Энэтхэгийн эрх баригчид Хятадын бараа бүтээгдэхүүнд демпингийн шалгалт явуулах олон арван хүсэлтийг хүлээн авчээ. Индонезод хямд бараа сошиал сүлжээгээр олноор зарагдсаны дараа хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа бол Латин Америкийн Чили, Эквадор улсууд импортын хязгаарлалт тогтоогоод байна.


Экспортод хэт тулгуурласан Хятадын бодлого нь дотоодын тэнцвэргүй байдлыг улам дордуулж байгаа бөгөөд энэ оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг 1.7 хувиар буурч, дефляци сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр удаан үргэлжлэх эрсдэлтэй гэдгийг шинжээчид анхааруулж байна. 


Энэ нь эдийн засгаа дотоодын хэрэглээ рүү чиглүүлэх гэсэн Бээжингийн төлөвлөгөөг хүндрүүлж байна.


Дээр дурдсан нөхцөл байдлыг харахад Хятад улс Америкийн тарифын дарамтаас зайлсхийж, бараа бүтээгдэхүүнээ бусад зах зээл рүү нийлүүлж байгаа нь тодорхой байна. Энэтхэг, Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн зах зээлүүд бүгд хямд хятадын импортын бараагаар дүүрээд байгаа аж. Засгийн газрууд нэг талаар дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах шаардлагатай ч нөгөө талаар гол түнш Хятадтай харилцаагаа муутгахаас болгоомжилж өндөр тариф тогтоохоос эмээж байна гэж шинжээчид дүгнэж байна. 


Хятадын дотоодод энэ нь асуудал болоод байгаа бөгөөд компаниуд бараагаа гадагш борлуулахын тулд үнээ бууруулснаар ашиг буурах, дефляци гүнзгийрэхэд хүрч байна.

Связанные новости