“Sony” компани орлогын таамаглалаа өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-11 17:18:56

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /AFP/. Японы “Sony” компани “Demon Slayer” анимейшн киноны ачаар жилийн орлогын урьдчилсан таамаглалаа нэмэгдүүлсний дараа тус компанийн хувьцааны ханш мягмар гарагт 5 гаруй хувиар өсжээ. Мөн орлогын таамаглалыг нэмэгдүүлсэн нь “PlayStation” тоглоомын консолийн борлуулалт хүлээлтээс өндөр байж, АНУ-ын тарифын нөлөө хүлээлтээс бага байгаатай холбоотой байна.


2025-2026 оны санхүүгийн жилд “Sony” 1.05 их наяд иений /6.8 тэрбум ам.доллар/ цэвэр ашиг олох төлөвтэй байгаа нь өмнөх урьдчилсан таамаглалаас 8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн жилийн түүхэн дээд үзүүлэлтээс бага зэрэг зөрүүтэй байна. Мөн тус компани үйл ажиллагааны ашгийн урьдчилсан таамаглалаа 8 хувиар, борлуулалтын урьдчилсан таамаглалаа 3 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Ингэснээр “Sony” наймдугаар сард цэвэр ашгийн урьдчилсан таамаглалаа 970 тэрбум иен болгон нэмэгдүүлснээсээ хойш хоёр дахь удаагаа өсгөсөн байна.


Энэ санхүүгийн жилийн эхний хагаст цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсөж, 570 тэрбум иен болсон гэж “Sony” мэдэгджээ. Алдарт манга цувралаас сэдэвлэсэн “Demon Slayer: Kimetsu No Yaiba -- Infinity Castle: Part 1” кино нь асар өндөр амжилт дагуулсан юм. Энэхүү анимейшн кино нь Японд бүх цаг үеийн хамгийн их орлого олсон хоёр дахь кино болсон юм. Харин “COVID-19” цар тахлын үеэр хит болсон өмнөх Demon Slayer кино нэгдүгээрт бичигдэж байна. Илдээр тулалддаг Танжиро Камадогийн чөтгөрүүдийг устгах тулааны талаар өгүүлэх энэхүү кино есдүгээр сард АНУ, Канадын кинотеатруудад нээлтээ хийх үедээ мөн кассын орлогоороо тэргүүлсэн юм.


Японы авто машин үйлдвэрлэгч “Toyota” компани өнгөрсөн долоо хоногт мөн энэ санхүүгийн жилийн үйл ажиллагааны орлого болон цэвэр ашгийн урьдчилсан таамаглалаа нэмэгдүүлсэн билээ. “Sony Group”-ийн хувьцаа үдээс хойш болсон арилжааны явцад 5.7 хувиар өссөн байна.

 


Связанные новости