В.Путин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд болсон уулзалтын үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хоёр улсын стратегийн түншлэлийн талаар хэлэлцжээ.
Оросын удирдагч Казахстаны төрийн тэргүүнийг Москвад айлчилсанд талархал илэрхийлээд Токаевтай байнгын холбоотой байдаг гэдгээ дурджээ. Уулзалтын үеэр удирдагчид хоёр талын харилцааны бүх асуудлыг хөндсөн байна.
“Бид энэ оныг маш сайн дуусгаж, ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөгөө гаргана гэж бодож байна” хэмээн В.Путин хэлжээ.
Казахстаны Ерөнхийлөгч хариуд нь мэдэгдэхдээ, халуун дотноор угтан авсанд В.Путинд талархал илэрхийлжээ. Тэрбээр мөн олон улсын үйл явдлын талаар санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа дурдаад Орос, Казахстан хоёр улсын харилцаанд ноцтой асуудал байхгүй гэдгийг онцолсон байна.
“Хоёр талын хамтын ажиллагааны тухайд, стратегийн түншлэл, холбоотны харилцааны шинжтэй. Бидэнд хамтран ажилладаггүй нэг ч салбар гэж үгүй” хэмээн тэрбээр хэлжээ.
Хоёр улсын удирдагчдын уулзалт гурав орчим цаг үргэлжилжээ. Төрийн тэргүүн нар мөн ганцаарчилсан уулзалт хийсэн байна.
Казахстаны Ерөнхийлөгч хоёр өдрийн айлчлал хийхээр ОХУ-д мягмар гарагт хүрэлцэн иржээ. Лхагва гарагт тэрбээр хэлэлцээ хийх бөгөөд Бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны XXI чуулганы нэгдсэн хуралд цахимаар оролцож, хэвлэлийнхэнд зориулж мэдэгдэл хийхээс ганда, багц баримт бичигт гарын үсэг зурах юм.
В.Путин, Касым-Жомарт Токаев нар хамгийн сүүлд 10 дугаар сарын 10-нд Душанбе хотод болсон ТУХН-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм. Тухайн үед удирдагчид Казахстан дахь атомын цахилгаан станцын барилгын ажил, хоёр талын худалдааны эргэлт зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Ulaanbaatar