АРХАНГАЙ: III цэцэрлэг шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-14 15:09:17

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган сумын III цэцэрлэг шинэ байрныхаа нээлтийг өнөөдөр хийлээ.


Энэ хичээлийн жилээс шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Зургаан бүлгийн саруул том анги, урлагийн заалтай шинэ барилга ашиглалтад орсноор хүүхдийн сурч, хөгжих, багш, ажилтнуудын ажиллах орчин тав тухтай болжээ.


Тус цэцэрлэг нь 1941 онд гар үйлдвэрийн артелийн цэцэрлэг нэрээр анх байгуулагджээ. Түүнээс хойш 84 жилийн хугацаанд стандартын бус байранд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Сүүлийн 30 гаруй жил I сургуулийн дотуур байранд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байсан юм.


Шинэ барилгыг улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Эсгэл” ХХК гүйцэтгэн хүлээлгэж өгчээ.  


Ирэх онд Эрдэнэбулган сумын 5, 8, 14 дүгээр цэцэрлэгийн шинэ барилгууд ашиглалтад орно. 



Связанные новости