ОРХОН: "Старт ап"-аар шалгарсан залууст санхүүгийн дэмжлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-14 10:35:41

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн болон Орхон аймгийн шилдэг "Старт ап"-аар шалгарсан залууст 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олголоо. 


Шинэ,  санал  санаачилга гарган  орон нутагтаа ажлын байр бий болгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх төсөл боловсруулсан шилдэг "Старт ап" залуучуудын багийг нээлттэй өрсөлдөөний зарчмаар гурван аймгийн ХХҮГ-аас хамтарсан ажлын баг сонгон шалгарууллаа. 


Орхон аймаг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж ирсэн.   Энэ жил хойд бүсийн хэмжээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн залуучуудыг хамруулснаараа онцлог байв. 


Хойд бүсийн шилдэг "Старт ап" залуучуудын багийн шилдгээр нэгдүгээр байрт Булган аймагт хими цэвэрлэгээний үйлчилгээ шинээр нээж буй Б.Хэрлэн, хоёрдугаар байрт Орхон аймагт уран бичмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Lettering.mn"-ийн Б.Орхончимэг, гуравдугаар байрт арьсан урлалийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл аймгийн "Мэргэд" брэндийн үүсгэн байгуулагч Н.Дуламсүрэн нар тус тус 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг авлаа. 


Мөн Орхон аймгийн шилдэг "Старт ап"-аар "Дүрс принт шоп"-ийг үүсгэн байгуулагч А.Сайнбилэг, "Бүжинхэн органик мухлаг"-ийн үүсгэн байгуулагч Н.Ууганбаяр нар тус тус 15 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авлаа.



.

Связанные новости