ДОРНОГОВЬ: Жюү жицүгийн тэмцээнээс алт, хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-14 14:06:35

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж буй жюү жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастер 1-94 кг жинд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат улсын начин М.Бямбадорж аваргын алтан медаль хүртлээ.


Мөн тус аймгийн "Хилэнц" дэвжээний тамирчин Баянчулууны Хүрэлчулуу мастер 2+77 жинд хүрэл медаль хүртжээ.


Тэмцээн энэ сарын 12-23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тамирчид сонирхогч болон мастерын ангиллаар цагаан, цэнхэр бүсний төлөө өрсөлдөж байна. 


С.Бямбадорж Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолын болзол хангасан юм.

Мөн Айраг сумаасаа анхны улсын цолтон болсон бөгөөд 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ.


Улсын начин М.Бямбадорж Зэвсэгт хүчний 336 дугаар анги, "Алдар" спорт хороо, "Хутагтын хүчтэн" дэвжээний нэр дээр барилддаг.

Связанные новости