УВС: Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн 66 төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтэд аудит хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-14 16:32:55

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар Увс аймагт 212,286,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 55 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, тухайн онд 68,761,3 сая төгрөг баталсан байна.

 

Мөн Эрчим хүчний сайдын багцаас 4,505,6 сая төгрөгийн 11 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлсэн байна. Ийнхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймагт 2024 онд хэрэгжүүлэхээр батлагдсан 66 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд аймгийн Аудитын газраас санхүүгийн аудит хийжээ.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хууль, журамд заасан зарим шаардлага хангаагүй 118,441,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 26 төсөл, арга хэмжээг баталжээ. Мөн гэрээний хугацаанд бүрэн хэрэгжээгүй 41,706,5 сая төгрөгийн 8 төсөл, арга хэмжээ байгаа ажээ.


Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөвгүй 6, урсгал зардлын тооцоололгүй 2, хуулийн этгээдийн өмчлөлд шилжих боломжгүй 3, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцоогүй 3, нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох төсвийн шаардлага хангаагүй 12 төсөл, арга хэмжээг төлөвлөн баталжээ.


Эрх шилжин хэрэгжсэн төсөл, арга хэмжээнд нээлттэй тендер шалгаруулалтаар 18,934,1 сая төгрөгийн 28, харьцуулалтын аргаар 110.0 сая төгрөгийн 2, нийт 19,044,1 сая төгрөгийн 30 төсөл, арга хэмжээнд худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулсан байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас эрх шилжиж ирсэн 3,374.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл, арга хэмжээний магадлалын дүгнэлт баталгаажаагүйгээс худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй байна.


Эрх шилжээгүй 25,232,9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 6, эрх шилжсэн 16,473,6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгээгүй байна.


Нийцлийн аудитаар илэрсэн зөрчилд холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд 6 зөвлөмж өгч, орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжгүй 3 асуудлыг Үндэсний аудитын нэгтгэл тайланд тусгуулан шийдвэрлүүлэхээр санал хүргүүлээд байна.  

Связанные новости