АРХАНГАЙ: Тавхайн гажиг илэрсэн 27 хүүхдийн асран хамгаалагчдад зөвлөгөө өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-14 15:40:20

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нийгмийн сэргээх засах үйлчилгээний албаныхан сумдад ажиллаж байна. Энэ удаад Ихтамир суманд ажиллаж, цогц үйл ажиллагаа явуулжээ.  


Эхний ээлжид сумын Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан хаагч нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгаас төлөвлөж буй ажлын талаарх мэдээлэл сонсож, харилцан санал солилцсон байна.


Сумын төрийн байгууллагуудын албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, “Хандлага ба орчин”, “Хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн мэдээлэл”, “Хүртээмж ба дэд бүтэц” сэдвээр илтгэл тавьж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүртээмжийн орчин, хөдөлмөр эрхлэлт, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, хөдөлмөрлөх эрхийн талаар мэдээлэл өгчээ.


Тус сумын СӨБ-ын 101 хүүхдэд тавхайн гажиг, нурууны мурийлтын талаарх урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийхэд 27 хүүхэд тавхайн гажигтай, 1 хүүхдэд нурууны мурийлтын анхны шинж тэмдэг илэрснийг хүүхдийн асран хамгаалагч нарт хэлж, арга зүйн зөвлөгөө өгчээ.


Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 172 сурагчийг хамруулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог ялгаатай байдал“, “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Хүүхдийн ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт” сэдвээр сургалт явуулсан байна.  

Связанные новости