АРХАНГАЙ: Сургуулийн орчинд нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмч нарыг хамруулсан төвийн бүсийн сургалтыг Архангай аймагт энэ сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын гол зорилго нь суралцагчийн хөгжил хамгаалал, сэтгэл зүйн болон
эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд сургуулийн хүүхэд хамгааллын
багийн бүрэлдэхүүнийг чадваржуулах юм.
Бүсийн сургалтад Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн 196 төлөөлөл
оролцож байна.
Боловсролын
ерөнхий газрын даргын 2025 оны А/242 дугаар тушаалаар батлагдсан энэхүү сургалтад улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 512 сэтгэл
зүйч, 953 нийгмийн ажилтан, 554 эмч, 20 сургагч багш, нийт 2039 оролцогчийг хамруулж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2021 оны тайланд 10-19 насны үеийнхний 13
хувь сэтгэцийн ямар нэг эмгэгтэй гэж оношлогдсон байдаг байна. Түүний 40 хувь
нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал.
Мөн ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2019 онд гаргасан Монгол
гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгаанд 10 хүүхэд тутмын 8 нь ямар
нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, 2 хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд
өртсөн, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны, 3 хүүхэд тутмын нэг нь үл хайхрах
хүчирхийлэлт тус тус өртсөн гэж гарчээ.
Харин боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн 2023 оны судалгаанд 3 суралцагчийн нэг нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан, амиа хорлох тухай бодсон, 5 суралцагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж байсан, 7 суралцагчийн нэг нь амиа хорлох оролдлого хийсэн, цахим дээрэлхэлтэд өртсөн зэрэг тоон судалгаанууд байна. Энэ тоог буурсан, өссөн гэж харахаас илүү ямар шалтгаан байна вэ гэдгийг нарийн тогтоож, ажиллах аргаа төлөвлөх нь чухал гэдгийг Боловсролын яамны шинжээч Б.Дуламсүрэн мэдээлэлдээ дурдлаа.
Мөн
өсвөр насныханд амьдрах утга учир, биенээ хайрлах, хүндлэх тухай мэдээллийг
өгөх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эерэг нөлөөллийн, сургуулийн үйлчлэгч,
ажилтнуудад хүртэл хүүхэдтэй харилцах арга аргачлалыг зааж өгөх нь чухал
байгааг дурдлаа.

Хүүхдийн 108 утсанд багш ажилтны ёс зүйтэй холбоотой дуудлага нийт дуудлагын
10,7 хувь, үе тэнгийн дарамт, дээрэлхэлттэй холбоотой дуудлага 2025 оны 9 сарын
байдлаар 840 болж, 93 хувьд хүрчээ. 108 утсанд багшийн харилцаа хандлагатай
холбоотой нэг ч дуудлага байх ёсгүйг Боловсролын яамны шинжээч Б.Дуламсүрэн
онцлоод, хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийн дуудлагын шалтгааныг зөв тогтоож, цаашид
арилгах тал дээр хамтарч ажиллахыг зөвлөлөө.
Сургалтын
үр дүнд сургуулийн орчин, дотуур байран дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл
мэндийн асуудлаарх хууль, эрхзүйн баримт бичиг, хэрэгжилтийн өнөөгийн байдал,
сургалтын байгууллагын орчинд хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн хүчирхийллийг таслан
зогсоох, урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах чиглэлээр нэгдсэн ойлголттой
болно.
Мөн
сургуулийн орчинд бусдын ялгаатай байдлыг ойлгосон, хүүхдийг хүндэтгэсэн,
хамгаалсан, зүй бус хандлагыг үл тэвчсэн нийгэм, сэтгэлзүйн таатай орчин
бүрдүүлэх арга замд суралцсан байна.
Багш,
ажилтны хүүхдийн өмнө хүлээх хариуцлага нэмэгдэж, боловсролын үйлчилгээг эрүүл,
аюулгүй, эрсдэлээс хамгаалсан, чанар хүртээмж сайжирсан байна гэж үзжээ.
Ulaanbaatar