БУЛГАН: Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Булган аймагт орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, бирж, тээвэр ложистикийн цогцолбор бүхий Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хэлэлцэх уулзалт энэ сарын 1-нд боллоо.
ТЭЗҮ-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захиалгаар "Системийн динамик загварчлал" ТББ, Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төв хамтран боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн хөдөө аж
ахуйн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн бүтэц, үйлчилгээ, бирж, агуулах, тээвэр
ложистикийн сүлжээ, бүсчилсэн хөгжлийн кластерийн загварчлал болон ирээдүйн
хөгжлийн чиглэлийг танилцуулсан юм.
Төслийг хэрэгжүүлснээр:
• Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл,
ложистикийн төвлөрөл бий болгох,
• Мал аж ахуй, боловсруулах
үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
• Ажлын байр, хөрөнгө оруулалт, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг цогцоор өсгөх боломжтой гэж үзэж байна.
Хэлэлцүүлгийн дараа холбогдох санал, дүгнэлтийг нэгтгэж, төслийн дараагийн шатны ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна.




Ulaanbaatar