BYD компани 90 мянга орчим авто машинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-12-02 12:36:02

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /Kazinform/. Хятадын авто машин үйлдвэрлэгч BYD компани цэнэг хураагуурын системд доголдол илэрсэнтэй холбоотойгоор хос хөдөлгүүрт 88 981 ширхэг авто машинаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн талаар Хятадын Зах зээлийн зохицуулалтын газраас мэдээлжээ.


Тодруулбал, "BYD Automobile Industry Co.", "BYD Auto Co." компаниуд 2021 оны нэгдүгээр сараас 2023 оны есдүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн "Qin PLUS DM-i" маркийн авто машинуудыг буцаан татахаар төлөвлөж байгаагаа тус газарт  мэдэгдсэн байна.


Буцаан татах авто машинуудын заримд үйлдвэрлэлийн явцад үүссэн доголдол илэрсэн бөгөөд энэ нь батерейнаас цахилгаан хөдөлгүүрт өгч буй хүч буурах, зарим тохиолдолд цахилгаан хөдөлгүүрээр хөдөлж чадахгүй болох зэргээр аюултай нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй юм.


Буцаан татах ажиллагаа 11 дүгээр сарын 28-наас эхэлсэн бөгөөд Зах зээлийн зохицуулах газраас явуулсан доголдол согогийн шалгалтын дараа явуулж байгаа болохыг тус газрын мэдээлэлд онцолсон байна.


BYD компани төлөвлөгөөний дагуу албан ёсны дилерүүд авто машины оношилгооны программ хангамжийг үнэ төлбөргүй шинэчлэх ажлыг гүйцэтгэх юм. Шинэчлэлийн дараа цэнэг хураагуурын системд хэвийн бус ажиллагаа илэрвэл самбар дээр алдааны заалт асаж, эзэмшигчийг дилерийн төвд батарейны блокоо үнэ төлбөргүйгээр солиулахыг зөвлөх ажээ. 


Эргүүлэн татах мэдэгдлийг BYD-ийн албан ёсны дилерүүдээр дамжуулан шуудан, утас, мессежээр үйлчлүүлэгчдэд илгээнэ.


Связанные новости