ХӨВСГӨЛ: Ханх–Мондын боомтыг олон улсын зэрэглэлд бүрэн шилжүүлэх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон ОХУ хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт ОХУ-ын Эрхүү хотод болж байна.
Чуулга уулзалтын хүрээнд “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломж”, “Евроазийн орон зайд бүс нутгийн харилцааг өргөжүүлэх нь”, “Аялал жуулчлалын хамтын хөгжлийн чиглэл” зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, хоёр талын төлөөлөгчид бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож байна.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх Ханх–Мондын боомтын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн саналыг дэвшүүллээ.
Тухайлбал, Ханх–Мондын
боомтоор шатахуун импортлох нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлагатайг
онцолж, Ханх сумын шатахууны хангамжийг ойр орших зах зээлээс хангах нь эдийн
засгийн болон нийгмийн хувьд өндөр үр ашигтайг тэмдэглэв.
Мөн Ханх–Мондын боомтыг олон улсын зэрэглэлд бүрэн шилжүүлэх асуудлыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдав.
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр байгуулсан протоколоор боомтыг олон улсын зэрэглэлд ажиллуулахаар тохирсон боловч Оросын талын бэлтгэл хангагдаагүй шалтгаанаар хэрэгжилт удааширсан байгааг хэлэлцэхийг хүслээ.
Боомтын ажиллах цагийн хуваарийг улирлын онцлогоос хамааран уян хатан болгох, аялал жуулчлалын улиралд ачаалал нэмэгддэг тул 09:00–20:00 цагийн хуваарьтай ажиллуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг танилцуулав.
Энэ нь хил орчмын худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалыг дэмжих чухал нөхцөл гэж тодотголоо.
Чуулга уулзалтад Хөвсгөл аймгаас Засаг даргын орлогч Ц.Гансүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, аймгийн аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.
Чуулга уулзалтаар “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын
ажиллагааны боломжийг нээх нь”, “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутгуудын Евразийн
орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг”, “Монгол, Оросын аялал
жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, асуулт
хариултын хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөнө.


Ulaanbaatar