Японы онцлох үгээр Т.Санаэгийн хэлсэн “ажилла” гэх үг шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /NHK/. Ерөнхий сайд Такаичи Санаэгийн “ажилла, ажилла, ажилла, ажилла, ажилла” гэсэн уриа болон “эмэгтэй ерөнхий сайд” гэсэн үг нь Японд 2025 онд моодонд орсон онцлох үгсээр тодорчээ.
Энэхүү шагналыг тухайн жилийн чиг хандлагыг хамгийн сайн илэрхийлсэн, олон нийтийн анхаарлыг татсан мэдээ, мэдэгдлээс авсан үг хэллэгт олгодог. Нийт 30 үгээс шалгарсан шилдэг 10 үгийг даваа гарагт зарласан байна.
Т.Санаэ Либерал ардчилсан намын намын даргаар сонгогдсоныхоо дараа 10 дугаар сард парламентын хоёр танхимын эрх баригч намын хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ шаргуу ажиллахыг уриалжээ. Дараа нь тэрбээр Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болсон юм.
Шагнал гардуулах ёслолын үеэр Т.Санаэ өөрийнх нь хэлсэн үг дэмжлэг, шүүмжлэлийн аль алийг нь дагуулсныг тэмдэглээд, ажил, амьдралын тэнцвэрийн асуудлаарх чухал цаг үе ирээд буйтай давхацсаныг дурджээ. Гэхдээ тэрбээр энэхүү үгийг төрийн үйл хэргийг хариуцаж буй хүний хувьд Японы ард түмний төлөө шаргуу хөдөлмөрлөн хувь нэмрээ оруулах зорилгоор хэлсэн гэдгээ онцолсон байна. Ингэхдээ шагнал хүртсэн үгээ давтан хэлжээ. Т.Санаэ мөн хүмүүст хэт их ажиллах, уртасгасан цагаар ажиллахыг уриалах бодолгүй байснаа нэмж хэлсэн байна.
“Японы ард түмэнд хүчтэй эдийн засаг, аюулгүй
байдал болон дипломат харилцаа, түүнчлэн үр өгөөжтэй амьжиргаагаар дамжуулан
итгэл найдвар төрүүлэх ирээдүйг бий болгохын тулд миний бие чадах бүхнээ хийх
болно” гэж тэрбээр хэлжээ. Шилдэг 10-т багтсан бусад үг хэллэгийн дунд АНУ-ын засаг
захиргаанаас дэлхийн улс орнуудад ногдуулсан татварыг
нэмэгдүүлсэнтэй холбоотой “Трампын тариф” гэх үг багтсан байна.
Мөн иргэд худалдан авахын тулд дараалалд зогсож байсан
засгийн газрын нөөцийн будаа болох кококомай, 2025 онд Осака хотод болсон
Дэлхийн экспогийн албан ёсны бэлгэдэл болох Мякумяку зэрэг оржээ. Түүнчлэн
Японд баавгайнууд суурьшлын бүсэд үзэгдэх нь нэмэгдсэнээс үүдэн хүмүүс амиа
алдаж, гэмтэж бэртэж байгааг илэрхийлсэн баавгайн дайралттай холбоотой үг мөн
жагсаалтад багтсан байна.
Ulaanbaatar