Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын сард дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэх, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
Нэгдүгээр сард. Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилиийн дунджаас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Гуравдугаар сард. Агаарын дундаж температур Дорнодын
зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас
Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас
ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Ulaanbaatar