Үндэстний цөөнхийн нийгэм, эдийн засгийн идэвхтэй оролцоог дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-07 12:24:25

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцох үеэрээ тус байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кристоф Кэмптэй уулзлаа.


Уулзалтын үеэр үндэстний цөөнхийн эрх, соёл, хэл, боловсролыг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого болон хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг Казах, Тува зэрэг үндэстний цөөнхийн түүх, зан заншил, соёлын өвийг хадгалан хамгаалах, эх хэлээр чанартай боловсрол эзэмших боломжийг хангахын тулд сургалтын хөтөлбөр шинэчлэх, сурах бичиг боловсруулах, багш бэлтгэх, соёлын үйл ажиллагааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэв.


Талууд боловсрол, олон хэлт байдал, үндэстний цөөнхийн нийгэм, эдийн засгийн идэвхтэй оролцоог дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа нотолж, цаг уурын өөрчлөлт, тэр дундаа хатуу өвөл, зудын үзэгдэл нь орон нутгийн иргэдийн амьжиргаа болон үндэстний цөөнхийн уламжлалт мал аж ахуйд үзүүлж буй нөлөөллийн талаар санал солилцож, энэ чиглэлээр туршлага солилцох болон хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Связанные новости