“Туул-1” коллекторын 1.6 км шугамыг угсарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-07 13:51:02

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлээс “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг хэрэгжүүлэхээр хүлээн авч, өнгөрсөн намраас шугам угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 1.6 км шугамыг угсраад байгаа юм. Улаанбаатар хотод ашиглаж байгаа шугамаас хамгийн өргөн буюу 1500ф голчтой, бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хоолой ашиглаж шугам угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус ажлыг гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, мэдээлэл өгчээ.


Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотын ариутгах татуурга, бохир усны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг нийслэл бие даан хэрэгжүүлж байна. Энэ ажил Улаанбаатар хотыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс бонд босгож, өнгөрсөн намраас хийж эхэлсэн. Энэ ондоо 2 км шугамыг угсарч дуусгаад, бараа татан авалтыг үргэлжлүүлж, хавраас дахин шугам угсралтын ажлыг хийнэ. 2028 онд “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулна” гэв.


“Туул-1” коллекторын газар чөлөөлөлтөд 79 нэгж талбар өртөж байгаагаас Баянгол дүүрэгт 57 нэгж талбар, тус дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар менежмент “Хэт” компанийн хойд хэсэгт 30 орчим нэгж талбар өртөж байна. 2026 оны нэгдүгээр улиралд багтаж аж ахуйн нэгж, иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийхээр төлөвлөжээ. 


“Туул-1” коллектор ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. 


Связанные новости