ОРХОН: “Эрдэнэт хот, анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг 8 дахь жилдээ тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны арванхоёрдугаар сарын 9/МОНЦАМЭ/. “Эрдэнэт хот, анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг энэ онд 8 дахь жилдээ тэмдэглэнэ.
Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын багийг аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай ахалж, холбогдох төрийн байгууллагуудын 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Энэ сарын 8-ны өдрөөс “Эрдэнэт хот, анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг угтсан ажлууд эхэлсэн.
2017 онд аймгийн ИТХ-ын аравдугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Эрдэнэт хотын өдөр, анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр болгож, жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Ирэх онд Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. “Эрдэнэт хотын өдөр, анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдрөөр түүхэн ойн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж буйгаараа онцлогтой болох юм.
Эрдэнэт хотын өдрийн өглөө “Эрин зууны бахархал” сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл орж,
баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, Эрдэнэт хотын хүндэт иргэнээ алдаршуулах гэх мэт уламжлалт үйл ажиллагаа өрнөнө. “Эрдэнэт хотын өдөр”-өөр Улаанбаатар хотоос мэргэжлийн хөгжмийн чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь урьж тоглуулдаг. Өнгөрсөн жилүүдэд Морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь авчирч, Эрдэнэтийнхний сонорыг мялааж байв. Энэ жил Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн “Шилмэл бүтээл"-ийн хүндэтгэлийн тоглолтыг толилуулахаар төлөвлөжээ.
Эрдэнэтийн их бүтээн байгуулалт Эрдэнэтийн овооны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 1974 онд Булган аймгийн "Эрдэнэт хороо" нэртэйгээр анх байгуулагдсан. Үүний дараагаар хорооны хөгжил, хүн амын өсөлтийг харгалзан 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хороог улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарч, тус өдрийг аймгийн ИТХ-ын 2017 оны 08/07 дугаар тогтоолоор "Эрдэнэт хотын өдөр", 2019 оны 76 дугаар тогтоолоор "Анхдагч, илгээлтийн эзэд"-ийн өдөр болгон хамтатган тэмдэглэх шийдвэр гарч байв.
Эрдэнэт хотыг үүсэн байгуулахад ЗХУ болон Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 50 000 гаруй илгээлтийн эздээс 20 000 гаруй оросын инженер, техникийн ажилтнууд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон түүхтэй.
Ulaanbaatar