“Лукойл”-ын хөрөнгийг Америкийн компаниудад шилжүүлэхийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-09 12:03:23

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/. АНУ-ын Засгийн газар “Лукойл” компанийн “Баруун Курна-2” газрын тосны ордод эзэмшиж буй хувьцааг Америкийн компани руу шилжүүлэх Иракийн төлөвлөгөөг дэмжиж байгаа тухай “Bloomberg” агентлаг мягмар гарагт буюу өнөөдөр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээллийг эш татан уламжилжээ. 


Дээрх мэдээлэл Оросын газрын тосны компанид авсан АНУ-ын хоригийг хэрэгжүүлэх хугацаа дуусахаас хэдхэн өдрийн өмнө гарлаа. 


“Баруун Курна-2” ордоос Иракийн газрын тосны 10 орчим хувийг олборлодог. Иракийн Газрын тосны яам тус ордын хяналтын багцыг худалдаж авах саналыг өнгөрсөн долоо хоногт Америкийн компаниудад тавьжээ.


Чухам ямар компаниудад хандсан талаар тус яам тодорхой дурдаагүй боловч Bloomberg-ийн мэдээлснээр, “Exxon Mobil Corp.”, “Chevron Corp.” зэрэг Америкийн компаниуд “Лукойл”-ын хөрөнгийг шилжүүлэн авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ тохиолдолд Иракийн засгийн газар Exxon компанитай хамтрахыг илүүд үзэж байгаа тухай тус агентлагийн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Учир нь, тус компани өмнө нь уг ордын зэргэлдээх “Баруун Курна-1”-д газрын тос олборлож байжээ. 


Өмнө нь, 12 дугаар сарын 2-нд Reuters агентлаг Ирак дахь таван нэрээ нууцалсан эх сурвалжий эш татан мэдээлэхдээ, Exxon компани “Баруун Курна-2”-д орд дахь “Лукойл”-ын хөрөнгийг худалдан авах асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдээлжээ. Уг ордын 75 хувийг “Лукойл”, үлдсэн 25 хувийг Иракийн “North Oil Company” эзэмшдэг байна.




Связанные новости