DeepSeek-ийг зохион бүтээгчид Nature сэтгүүлийн жагсаалтад багтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /TASS/. Шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр үзүүлсэн хүмүүсийн жагсаалтыг Nature сэтгүүлийн редакцаас танилцууллаа. Уг жагсаалтад Deepseek-R1 мэдрэлийн эсийн сүлжээг бүтээгчид, Камчаткийн эрэг орчимд 9 мянган метрийн гүнд буй өвөрмөц экосистемийг нээсэн Хятадын эрдэмтэд багтжээ.
"DeepSeek-R1 мэдрэлийн эсийн сүлжээг бүтээсэн тухай мэдээ, нийтлэлүүд энэ оны нэгдүгээр сард дэлхий нийтийг гайхшруулсан билээ. Энэхүү систем нь хаанаас ч юм гэнэт гарч ирсэн мэт боловч түүнийг зохион бүтээсэн хөгжүүлэгчид "АНУ бол хиймэл оюуны технологиор маргаангүй тэргүүлэгч" гэсэн ойлголт бол эргэлзээтэй гэдгийг харуулж чадсан байна. Энэхүү системийг бүтээх гол үүргийг өмнө нь санхүүгийн шинжээч байсан Лянь Вэньфэн гүйцэтгэжээ. Тэрбээр хиймэл оюуныг ашиглан олсон хөрөнгөө DeepSeek-ийг бүтээхэд хөрөнгө оруулсан" гэж "Nature" сэтгүүлийн редакц онцолсон байна.
Их Британийн шинжлэх ухааны Nature сэтгүүл жил бүр өнгөрсөн онд гарсан хамгийн чухал нээлтүүдийн жагсаалтыг гаргаж, шинжлэх ухааны хөгжилд, мөн түгээн дэлгэрүүлэхэд онцгой нөлөө үзүүлсэн хүмүүсийг онцолдог. Эдгээр нь заавал мэргэшсэн судлаачид байх албагүй бөгөөд улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд төдийгүй хиймэл оюуны системүүдийг шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрээр нь онцолдог.
Шинжлэх ухааны гол ололт амжилтууд
Шинжлэх ухааны ертөнц дэх хамгийн чухал хүмүүсийн тоонд мөн энэ онд 30 метр урт LSST дуранг зохион бүтээсэн Америкийн одон орон судлаач Тони Тайсон, Хантингтоны өвчний даамжралыг удаашруулах генийн эмчилгээний аргыг боловсруулсан Британийн биологич Сара Табризи, CPS1 генийн мутацитай холбоотой өвчний генийн эмчилгээг дэлхийд анх удаа хийлгэсэн Кейжей Малдун гэдэг америк охин нар багтсан байна.
Энэхүү жагсаалтад мөн нянгаас хамгаалдаг урьд өмнө мэдэгдэж байгаагүй механизмыг хүний эсээс илрүүлсэн Израилын биологич Ифат Мербль, Бразилын судлаач Лусиано Морейра нар багтжээ. Лусиано Морейра дэлхийд анхны “шумуулын үйлдвэр”-ийг байгуулж, чичрэг өвчин тараагч шумуул болон Өмнөд Америкт тархаж буй денге болон бусад вирус дамжуулагч амьтдыг устгах чадвартай бактери өсгөж байгаа ажээ.
Нийгмийн зүтгэлтнүүдээс Nature сэтгүүлийн жагсаалтад АНУ-ын микробиологич Сьюзан Монарес орсон бөгөөд тэрбээр "вакциныг эсэргүүцэгчдийн" удирдагчдын нэг юм. Мөн Энэтхэгийн их сургуулиудын үнэлгээний системийг үндсээр нь өөрчилсөн математикч Ахал Агравал, Өмнөд Африкийн төрийн албан хаагч Прешус Матосо нар багтжээ. Прешус Матосо энэ оны тавдугаар сард Дэлхийн эрүүл сэндийн байгууллагын (ДЭМБ) цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай гэрээнд улс орнуудыг гарын үсэг зуруулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Энэхүү гэрээ бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа байгуулагдсан ийм төрлийн баримт бичиг юм.
Ulaanbaatar