ДАРХАН-УУЛ: “Шударга ёсны клуб”-ийн үйл ажиллагааг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-09 17:05:03

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц ажлыг тусгасан НҮБ-ын конвенцыг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг соёрхон баталснаар нэгдэн орсон. 


Тэгвэл уг өдрийг тохиолдуулан ЕБ-ын 31 дүгээр сургуульд “Шударга ёсны клуб”-ийг нээж байна. Уг клуб нь сургууль болон гэр бүлээрээ дамжуулан сурагч, эцэг эх, багш нарт авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад туслах, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээг даган мөрдөх, багшийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


“Шударга ёсны клуб” нь Дархан-Уул аймагт анх удаа, улсын хэмжээнд 14 дэх нь болж байна. Тус клубийн чиглүүлэгчээр 31 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш, Монгол Улсын зөвлөх багш Б.Мөнхжаргал ажиллах бөгөөд 9-11 дүгээр ангийн 15 сурагч хамрагджээ.


Мөн аймгийн Прокурорын газраас клубийн гишүүн, тус сургуулийн ахлах ангийн сурагчдад авлигын тухай мэдээлэл, өсвөр насны хүүхдүүд санамсаргүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдох, түүний эсрэг авах арга хэмжээ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.




Аймгийн засаг дарга төрийн алба хаагчдыг авлигаас ангид байж, шударгаар ажиллахыг уриалж, авлигагүй аймаг болохыг мөрдлөг болгон ажиллаж байна.


Аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун “Шударга ёсны клуб”-ийн үйл ажиллагааг хүртээмжтэй байлгах үүднээс сургууль бүр байгуулж, хүүхэд бүрд хүрч ажиллах боломжийг нээхийг ЕБС-иудад уриаллаа.




Связанные новости