Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг чиглэл болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Үүнд:
- Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрийг эн тэргүүнд санхүүжүүлэх,
- Шинэ гэрээ, худалдан авалтыг он дуустал царцаах,
- Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, ажил хэрэг болгох,
- Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай ажлыг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.
Мөн түүхий эдийн үнэ буурсан энэ үед бусад боломжит арга
хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох асуудлыг судалж, танилцуулахыг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг байгууллагад үүрэг болголоо.
Ulaanbaatar