“Оюутны Универсиад” наадам Завхан аймагт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-09-26 12:00:43

Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVIII “Универсиад” их наадам Завхан аймгийн төв Улиастай хотноо өчигдөр нээлтээ хийлээ.

Наадмыг Завхан аймгийн ЗДТГазар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн Завхан сургууль, Төрийн банк хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн наадам нь Монголын тамирчид дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд оролцож эхэлсний түүхт 50 жилийн ойд зориулж буйгаараа онцлогтой.

Тус наадамд 5 аймгийн их, дээд сургуулийн багууд, ОХУ-ын Тувагийн их сургуулийн багууд урилгаар нийтдээ 6 багийн 300 орчим баг тамирчид оролцож байна. Үүнд: Ховд аймгийн их сургууль, АҮШУИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль, МУИС-ийн Завхан сургууль, ОХУ-ын Тувагийн их сургуулийн багийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Наадмын үеэр урлагийн 5 төрлөөр оюутнууд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна оюутны эрдэм шинжилгээний их хурал “Биеийн тамирын сургалтанд тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдвээр, бүсийн оюутан миссийг шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн захирал, удирдлагууд дунд ажил хэргийн уулзалт, ярилцлага зохион байгуулах юм.

Тус наадмын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно.

Ж.Болор

 

相关新闻
注释