ӨЭМТ-ийн хүүхэд, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний тарифыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-03-21 10:29:33

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны VI зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Манай улсын 21 аймаг, нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн 223 төв ажиллаж, нийт хүн амын 70 хувь буюу 2,2 сая хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. 


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ дэлхий дахинаа хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад эмнэлэг шүтсэн хэт үрэлгэн тогтолцооноос татгалзаж, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” Тогтвортой хөгжлийн зорилтод туссан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг илүүтэй өргөжүүлэх гэсэн үндсэн зарчмыг баримталж байгааг онцлоод, энэ хүрээнд манай улс анхан шатны тусламж, үйлчилгээ тэр дундаа өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний талаар танилцууллаа.


Ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байхаар тусгасныг хэрэгжүүлэх үүрэг өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд ногдож байгаа. Түүнчлэн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхан шатанд онцгой анхаарч, Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхэд туслах нь өрхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд чухал гэдгийг онцлов.


Мөн тэрбээр “Дэлхий нийтийг хамран тархсан Ковид-19 цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд хүргэх том сургамж үлдээсэн.

103 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбар иргэний эрүүл мэндийг эмч, эмнэлэг хамгаална гэж үзсээр ирсэн тогтолцоог өөрчлөхөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль томоохон дэмжлэг болно” гээд анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой авсан арга хэмжээнийхээ талаар дурдав. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Ингэснээр Засгийн газрын эрүүл мэндийн нийт зардалд анхан шатны тусламж үйлчилгээний зардлын эзлэх хувь 2019 онд 12 хувь байсан бол 2023 онд 22 хувь болж өссөн байна.


Эрүүл мэндийн сайд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэнийг өрхийн ЭМТ-ийн удирдлагуудад танилцуулав. Мөн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тухайлбал, эмийн үнэ, чанар, эрүүл мэндийн салбарын цахимжилт, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой авч буй арга хэмжээний талаар ярилаа.

Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой байгаа ч өрхөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхдийн өдрийн эмчилгээний багц буюу хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Түүчнлэн өрхийн эрүүл мэндийн төвийн тоног, төхөөрөмжийг сайжруулах зорилгоор 2024 онд нийт 9,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 5,1 тэрбум төгрөгийг шинээр барих барилгад зарцуулах зэрэг мэдээллийг өглөө.


ӨЭМТ-ийн удирдах ажилтнууд энэхүү зөвлөгөөнөөр төр, засгаас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого болон иргэдэд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төвийн үүрэг оролцооны талаар хэлэлцэж байна.



相关新闻