Гадаад худалдааны бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-27 14:22:40

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний хоёр сард 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрчээ.


Үүнээс экспорт 2.2 тэрбум, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 388.4 (11.3 хувь) сая, импорт 397.2 (33.1 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, экспорт 8.9 (0.4 хувь) сая, тэнцэл 406.1 (38.7 хувь) сая ам.доллароор багасав. Экспорт ийнхүү 8.9 сая ам.доллароор багасахад боловсруулаагүй, хагас боловсруулсан алт 125.5 сая, цайрын хүдэр, баяжмал 56.3 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал 73.4 сая, нүүрс 65 сая, төмрийн хүдэр, баяжмал 24.9 сая ам.доллароор өссөн байнаИмпорт өмнөх оны мөн үеийнхээс 397.2 сая ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин  92 сая, автобензин 44.2 сая, дизелийн түлш 34 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 26 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.


Экспорт энэ оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 414.3 (31.2 хувь) сая, импорт 274.7 (29.4 хувь) сая ам.доллароор багассан аж.

 

相关新闻