Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор нийт 32 асуудлыг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-18 08:45:15

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгууллаа. 


Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар мэдээлэл сонссон байна.


Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогын гол цөм нь хүний хөгжил бөгөөд үүний гол цөм нь эрүүл мэндийн асуудал хэмээн УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Батлут дурдаад, эрүүл мэндийн асуудалд нөлөөлөх гол зүйл нь эм атал энэ салбарын хил,гаалийн хяналт, тоног төхөөрөмж, лаборатори, төрийн байгууллага бүгд гүнзгий цус ойртсон байгааг бид энэ гурван өдөр харлаа гэв. Тэрбээр улс төр, бизнесийн бүлэглэлийн гарт орсон энэ салбарынхан монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг болсон байна гээд, хэнийг хаана аваачиж томилох вэ гэдгээ тодорхойлоод гаргачихдаг, албан тушаалыг нь зориуд бэлддэг нөхцөл байдал харагдаж байгаа тул УИХ, Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж, хуулийн цоорхойг чагталж хаах, цаашлаад бий болсон нөхцөл байдлыг засаж залруулахад анхаарч ажиллахгүй бол болохгүй болжээ гэсэн юм. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг хүний оролцооноос ангид байлгах үүднээс хиймэл оюун ухаан ашиглах, мөн зах зээлээ судлах талаар төрийн байгууллагууд ажиллаж таг харанхуй байдлаа арилгах шаардлагатай зэрэг олон дүгнэлтийг тэрбээр хэллээ.


Сонсголд урилгаар Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын 38 албан тушаалтан оролцсон юм. Мөн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн н.Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар ажиглагчаар ажиллав.


Түр хороо УИХ-ын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллажээ.


相关新闻