Нийгмийг сайжруулж, хариуцлагатай байхад Улаанбаатарын яриа хэлэлцээ гол платформ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-04-26 16:12:03

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт манай улсад хоёр дахь удаагаа болж, хоёр өдрийн хуралдаанаар өнөөдөр өндөрлөлөө.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталж, дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.

Энэ талаар чуулга уулзалтын хүндэт зочин илтгэгч, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн хэлэхдээ, эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байгааг онцолсон юм.

 

Тэрбээр, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж байгааг дурдан, тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаа илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай болж байгааг цохон хэлсэн.

 

Тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодитой ажил хэрэгчээр ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд үүнд хүчтэй институц хэрэгтэй гэдгийг чухалчлан хэлсэн юм. Үүнтэй чуулга уулзалтад оролцогч нар санал нэгтэй байгаагаа илэрхийлж байлаа.

 

Нийгмийг сайжруулж ногооруулан, илүү тэсвэртэй болгох, шинэ хямралуудыг даван туулахад шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ, шинэлэг шийдлийг ашиглах нь чухал болж байна. Олон улсын түвшинд гар нийлж түншлэн, ажил үүргээ хуваарилан авч, оролцогч талуудынхаа тэгш оролцоог ханган, хэнийг ч орхилгүй, хариуцлагатай ажиллахад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” гол платформ байж, ялангуяа энх тайван, шударга ёс болон энэ хүчтэй институцийг Ази тив болон дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй байгааг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн дүгнэн хэлсэн юм.

 

 Манай улсад айлчилсан Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев чуулга уулзалтад оролцож хэлэхдээ, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, эдийн засгийн өсөлт болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудал нөлөөлж байгааг дурдсан. Тэрбээр, шударга ёсыг тогтоож байж нийгмийн гарал үүслээсээ үл хамааран хөгжилд тэгш оролцох боломжийг бий болгоно. Цөөнхийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхагдахгүй байх, боловсролыг тэгш хүртээх, суурь үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, үүний тулд төрийн институтийн чадваржуулах нь чухал болохыг онцолсон юм.

 

Бүс нутгийн төдийгүй дэлхий дахины харилцаа, тогтвортой хөгжилд чухал ач холбогдогдолтой чуулга уулзалтыг зохион байгуулахад идэвх чармайлт гарган ажиллаж байгаа Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлсэн.

 

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Тогтвортой хөгжлийн зорилт 16-Энхтайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтад Азербайжан, АНУ, Казахстан, Киргиз, Монгол, БНСУ, Турк, Узбекистан, Япон зэрэг улс, АНУ-ын Стэнфордын Их сургууль, ХБНГУ-ын Боннын Их сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургууль, БНСУ-ын “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, Олон улсын Монгол судлалын холбоо, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академи, БНСУ-ын Гимхэ үндэсний музей зэрэг байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцлоо. Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг, АХБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг олон улсын байгууллагууд, “Оюу толгой” компани дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав.


相关新闻